Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам

 

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Газрын тухай хуулийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4, Концессын тухай хуулийн 2.5-д тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт (цаашид “төсөл сонгон шалгаруулалт” гэх)-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулна.

1.3.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.“төсөл сонгон шалгаруулалт” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулахыг;

1.3.2.“ажлын хэсэг” гэж төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий 5 буюу түүнээс дээш сондгой тооны бүрэлдэхүүнтэй багийг;

1.3.3.“төсөл” гэж “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулагдсан цогц баримт бичгийг;

1.3.4.“хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар” гэж газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих газрыг.

1.4.Концессын зүйл нь газрын бүрдэл хэсэг бол тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулахад энэ журмыг мөрдөнө.

Хоёр. Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад баримтлах зарчим

2.1.Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахад дараах зарчмыг баримтална:

2.1.1.тэгш, шударга оролцоог хангасан байх;

2.1.2.хамгийн өндөр оноо авсан төслийг сонгон шалгаруулах;

2.1.3.төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байх.

Гурав. Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газар

3.1.Дараах газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулна:

3.1.1.үйлдвэрийн болон дэд бүтцийн барилга байгууламж барих газар;

3.1.2.хог хаягдал дахин боловсруулах, хүнд үйлдвэр барих газар;

3.1.3.үйлдвэрлэл технологийн парк байгуулах газар;

3.1.4.хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих газар;

3.1.5.нийтийн зориулалттай орон сууцны хороолол барих газар;

3.1.6.хуульд заасан бусад газар.

3.2.Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн үйлчилгээний жишиг норматив”-д заасан шаардлагыг хангасан төрийн бус өмчийн нийгмийн үйлчилгээний барилга байгууламж барих газрыг эзэмшүүлэх, ашиглуулахад энэ журмыг баримтална.

Дөрөв. Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага

4.1.Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;

4.1.2.мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байх;

4.1.3.төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх;

4.1.4.төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;

4.1.5.шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх.

4.2.Энэ журмын 4.1-д заасан этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

Тав. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны дараалал

5.1.Төсөл сонгон шалгаруулалтыг дараах дарааллын дагуу явуулна:

5.1.1.төсөл сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангах;

5.1.2.төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх;

5.1.3.төслийг хүлээн авах;

5.1.4.төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

5.1.5.шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах.

Зургаа. Төсөл сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангах

6.1.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба нь төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулан дор дурдсан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэнэ:

6.1.1.төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын эргэлтийн цэгүүдийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлэх;

6.1.2.тухайн газар дээр барилга байгууламж барих болон үйл ажиллагаа явуулахад шаардагдах мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг гаргуулах;

6.1.3.газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын болон чөлөөт бүсийн захирагчийн шийдвэр гарсан байх.

Долоо. Төсөл сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх

7.1.Төсөл сонгон шалгаруулалтын зар (цаашид “зар” гэх)-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ:

7.1.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр;

7.1.2.аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар.

7.2.Энэ журмын 7.1-д заасан зард дараах мэдээллийг заавал тусгана:

7.2.1.төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

7.2.2.төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар;

7.2.3.төслийг ирүүлэх хугацаа;

7.2.4.газар ашиглалтын зориулалт;

7.2.5.газрын талбайн хэмжээ;

7.2.6.газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа;

7.2.7.газрын байршил, хилийн заагийг харуулсан зураг;

7.2.8.мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлийн талаарх ерөнхий мэдээлэл;

7.2.9.барилгын ажил эхлэх, дуусах хугацаа;

7.2.10.барилга байгууламжийн архитектур, төлөвлөлтийн шаардлага;

7.2.11.барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавих шаардлага.

7.3.Тухайн газрын онцлог, шинж чанараас шалтгаалан нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд түүнийг төсөл сонгон шалгаруулалтын зард заавал тусгана.

7.4.Тухайн газар дээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагаа эрхлэх бол энэ тухай зар мэдээнд тусгайлан заавал заасан байна.

Найм. Төслийг хүлээн авах

8.1.Оролцогч нь битүүмжилсэн төслөө аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамалд, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албанд өөрөө буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргүүлэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар хүргүүлж болно.

8.2.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба төслийг зард заасан хугацаанд хүлээн авч, дор дурдсаны дагуу бүртгэнэ:

8.2.1.төслүүдийг ирүүлсэн дарааллын дагуу он, сар, өдөр, цаг, минутаар нь тэмдэглэн бүртгэж, тусгай тэмдэглэл үйлдэн архивын нэгж үүсгэн хадгална;

8.2.2.зард заасан хугацаа дууссаны дараа ирүүлсэн төслүүдэд хоцорсон тухай тусгай тэмдэглэл үйлдэн, тэмдэг дарна.

8.3.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлнө.

8.4.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба нь төсөл сонгон шалгаруулалттай холбогдсон нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

8.5.Төслийг тусгай программ хангамж бүхий цахим хуудсаар хүлээн авч болно.

Ес. Төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

9.1.Тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь зард заасан төсөл хүлээн авах хугацаа дуусах өдөр төсөл шалгаруулах Ажлын хэсгийг томилж, төсөл шалгаруулах үйл ажиллагааг эхлүүлнэ.

9.2.Ажлын хэсгийн дарга нь тухайн аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын газрын даамал, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны дарга байна.

9.3.Ажлын хэсэгт тухайн шатны Засаг даргын Тамгын газар болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны газрын асуудал хариуцсан албан тушаалтныг оролцуулах бөгөөд Ажлын хэсгийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

9.3.1.газар зохион байгуулалт, газрын кадастр, архитектор, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрх зүйн болон дэд бүтцийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан;

9.3.2.төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын талаар хувийн ашиг сонирхолгүй байх;

9.3.3.төсөл сонгон шалгаруулалтад оролцогчтой сүүлийн 1 жилийн хугацаанд аливаа хэлбэрээр хамтран ажиллаагүй байх.

9.4.Энэ журмын 9.3-т заасан шаардлагыг хангаагүй этгээд Ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтад оролцогч түүнээс татгалзаж, өөрчлүүлэх эрхтэй.

9.5.Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба нь төсөл ирүүлэх хугацаа дууссаны дараа ирүүлсэн төслийг Ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.

9.6.Ажлын хэсэг нь төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн төсөл тус бүрийн битүүмжилсэн байдлыг шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, гишүүд гарын үсэг зурна.

9.7.Ажлын хэсэг төсөл тус бүр холбогдох зард заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгана. Зард заасан баримт бичиг бүрдэл дутуу тохиолдолд Ажлын хэсэг энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл төслийг сонгон шалгаруулалтаас хасах шийдвэр гаргана.

9.8.Ажлын хэсэг аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албанаас урьдчилан тогтоосон дор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулж харгалзах оноог тавина:

9.8.1.төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх;

9.8.2.барилга, хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагад нийцсэн эсэх;

9.8.3.төслийг “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан эсэх;

9.8.4.төсөл нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөтэй эсэх;

9.8.5.төсөл нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж түүнд нийцсэн эсэх;

9.8.6.төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ;

9.8.7.тухайн хот, тосгон, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх;

9.8.8.улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ;

9.8.9.тухайн газарт явуулах үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх.

9.9.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийн талаар нэмэлт мэдээлэл шаардан авах эрхтэй бөгөөд эдгээр мэдээлэлтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нууцыг нийтэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

9.10.Оролцогчдоос ирүүлсэн төсөл энэ журмын 9.8-д заасан шалгуур үзүүлэлтийг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа, орон нутгийн нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг харьцуулан үзэж шалгаруулна.

9.11.Ажлын хэсэг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:

9.11.1.төслийн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлсэн үнэлгээний оноо;

9.11.2.төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт;

9.11.3.Ажлын хэсгийн гишүүдийн тусгай санал;

9.11.4.нийлбэр оноо.

9.12.Ажлын хэсэг хуралдаж, төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг бичгээр үйлдэж, он, сар, өдрийг тодорхой тэмдэглэж, гишүүн тус бүр гарын үсэг зурсан байна.

9.13.Эсрэг саналтай Ажлын хэсгийн гишүүн дүгнэлтэд өөрийн саналыг тайлбар хэлбэрээр тусгуулж, гарын үсэг зурсан байна.

9.14.Төсөл сонгон шалгаруулалтад нэг төсөл (санал) ирсэн тохиолдолд Ажлын хэсэг энэ журамд заасны дагуу төслийг шалгаруулж, дүгнэлт гаргана.

9.15.Хэрэв төсөл сонгон шалгаруулалтаар энэ журамд заасан шаардлагыг хангаагүй, зарласан хугацаанд нэг ч төсөл ирээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулах шийдвэр гаргах бөгөөд энэ журмын 7.1-д заасан хугацаанд нийтэд мэдээлнэ.

9.16.Ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг 3 хоногт багтаан тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагчид танилцуулан дүнг нийтэд зарлана.

Арав. Төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай гэрээ байгуулах

10.1.Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ялагчтай тухайн шатны Засаг даргыг төлөөлж аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийг төлөөлж захирагчийн Ажлын албаны дарга гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

10.1.1.газрын байршил, эзэмших зориулалт;

10.1.2.газрын хэмжээ.

10.2.Тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ журмын 10.1-д заасан гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамж гаргана.

10.3.Энэ журмын 10.2-т заасан захирамжийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох бөгөөд ажлын 21 өдөрт багтаан тухайн газрын эзэмшигч, ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгнө.

10.4.Төсөл сонгон шалгаруулалтаар чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах хуулийн этгээд Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.5-д заасан төлбөрийг төлөх үүрэгтэй.

Арван нэг. Маргаан шийдвэрлэх

11.1.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч нь Ажлын хэсгийн дүгнэлт болон тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.

 

 

 

--- о0о ---

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР