ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

2022-04-05

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2020 оны 05 сарын 07 өдөр

 

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж

2.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“хөгжлийн бодлого” гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд, урт, дунд, богино хугацаанд хөгжлийн тодорхой асуудлаар ахиц дэвшилд хүрэхээр дэвшүүлсэн хэмжигдэхүйц зорилго, зорилт, тэдгээрийн суурь түвшин, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан төсөв, хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг тусгасан эрх бүхий этгээдээс баталсан баримт бичгийг;

4.1.2.“хөгжлийн төлөвлөлт” гэж хөгжлийн бодлогын хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг үе шаттайгаар тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг;

4.1.3.“хөгжлийн төлөвлөлтийн үе шат” гэж хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, нөөцийг тогтоох, үнэлэх, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төлөвлөлтийг урт, дунд, богино хугацаанд улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд төлөвлөх, түүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах үйл ажиллагааг;

4.1.4.“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл хандлагыг өөрийн орны онцлогт тохируулан тусгасан, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хүний хөгжлийг хангах, эдийн засаг, нийгэм, засаглалын хөгжлийг ахисан түвшинд хүргэхэд чиглэсэн урт хугацааны зорилго, зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийг тусгасан баримт бичгийг;

4.1.5.“Хөгжлийн зорилтот хөтөлбөр” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг тусгасан дунд хугацааны бодлогын баримт бичгийг;

4.1.6.“Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлсэн улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн уялдааг хангасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, нөөцөд суурилан боловсруулсан төсөл, арга хэмжээг агуулсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт бүхий дунд хугацааны нэгдсэн төлөвлөлтийн баримт бичгийг;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.7.“Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг;

4.1.8.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтод нийцсэн, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг;

4.1.9.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.10.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичгийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.11.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичгийг;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.12.“Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн хавсралт баримт бичгийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.13.“Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичгийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

                       

4.1.14.“Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан, тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичгийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.15.“хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа энэ хуульд заасан зарчмыг баримталсан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын чиг үүргээ хэрэгжүүлсэн болон хамтран ажилласан байдал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн цогц үнэлгээг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.16.“бодлогын зорилго” гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан, хүрч болохуйц эерэг өөрчлөлтийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.17.“бодлогын зорилт” гэж бодлогын зорилгод нийцсэн, улс, салбар, салбар хооронд болон бүс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангасан тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц, бодитой, хугацаатай эерэг өөрчлөлтийг;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.18.“бодлогын үр нөлөө” гэж бодлогыг хэрэгжүүлснээр хүний хөгжил, нийгэм, байгаль орчин, эдийн засаг, засаглалын хүрээнд бий болох эерэг өөрчлөлтийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.19.“бодлогын хувилбар” гэж нөхцөл байдлын дүн шинжилгээ болон нөлөөллийн урьдчилсан үнэлгээнд үндэслэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон бодлогын хоёроос дээш сонголтыг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.20.“суурь түвшин” гэж төслийг боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн тоон болон чанарын утгыг;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.21.“үйл ажиллагаа” гэж бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой, хэмжигдэхүйц, тодорхой хугацаанд хүрч болохуйц арга хэмжээг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.22.“шалгуур үзүүлэлт” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үе шат бүрд бий болох өөрчлөлтийг хэмжихээр төсөлд заасан тоон болон чанарын үзүүлэлтийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.23.“зорилтот түвшин” гэж бодлогыг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг төсөлд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн тоон болон чанарын утгыг;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.24.“бодлогын уялдааны үнэлгээ” гэж зорилго, зорилт, үйл ажиллагаа бүхий бодлогын баримт бичиг нь бусад урт, дунд, богино хугацааны, салбар болон салбар хоорондын түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдах байдлын болон тэдгээрийн давхцал, хийдэл, зөрчлийн шинжилгээ, үнэлгээ, зөвлөмжийг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.25.“ерөнхий мэдээлэл” гэж бодлогыг оновчтой тодорхойлох зорилгоор төслийг боловсруулах үеийн хүн, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн хөгжлийн түвшин, засаглалын нөхцөл байдлыг тодорхойлсныг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.26.“нөхцөл байдлын дүн шинжилгээ” гэж асуудлын шалтгаан, үр нөлөөг тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн хамрах хүрээний хамт тодорхойлсон бодлогын хувилбар боловсруулахад ашиглах судалгааг;

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.27.“нөлөөллийн урьдчилсан үнэлгээ” гэж бодлогыг хэрэгжүүлснээр  нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны унаган төрх, тэнцвэрт байдал, түүнчлэн эрх зүйн орчин болон засаглалын тогтолцоонд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг.

/Энэ заалтын дугаарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАРЧИМ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙН ТӨРӨЛ

5 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим

5.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дараах зарчмыг баримтална:

5.1.1.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;

5.1.2.дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх;

5.1.3.нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх;

5.1.4.тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх;

5.1.5.тэнцвэртэй байх;

5.1.6.нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх;

5.1.7.ил тод, нээлттэй байх;

5.1.8.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх;

5.1.9.зорилго, зорилт хэмжигдэхүйц байх;

5.1.10.шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх;

5.1.11.төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх;

5.1.12.төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах;

5.1.13.бүх талын оролцоог хангасан байх;

5.1.14.төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах;

5.1.15.оролцогчдын хариуцлагын зарчим.

5.1.16.нэгтгэн тайлагнах зарчим;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.17.төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим.

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:

5.2.1.“үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх зарчим” гэж Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэхэд чиглэсэн байхыг;

5.2.2.“дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх зарчим” гэж олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн дагуу дэлхий нийтийн хөгжлийн зорилго, чиг хандлагыг үндэсний онцлогт нийцүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт уялдуулан тусгахыг;

5.2.3.“нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээлэл, аргачлал нь нэгдмэл, уялдаатай байж, бодлогыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааны нэгдмэл байдлыг;

5.2.4.“тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхдээ бодлогын тогтвортой байдлыг хадгалж, өмнө батлагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүн, үнэлгээнд үндэслэхийг;

5.2.5.“тэнцвэртэй байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааг тодорхойлохдоо хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан байхыг;

5.2.6.“нөөц, эх үүсвэрт үндэслэсэн байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө санхүү, техник технологи, шинжлэх ухаан, инновац, ур чадвартай ажиллах хүчин болон шаардлагатай бусад нөөцийг урьдчилан тооцоолсон төсөв, төсөөллийн дагуу тодорхойлсон хязгаарлалтын хүрээнд тусгахыг;

5.2.7.“ил тод, нээлттэй байх зарчим” гэж хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулснаас бусад тохиолдолд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг олон нийтэд ил тод мэдээлэх, албан ёсоор хэвлэн нийтлэхийг;

5.2.8.“судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг тодорхойлохдоо нөөцийн хязгаарлалт болон эрсдэлийг харгалзан үзэж, тогтоосон хугацаанд биелүүлэх боломжтой, бодит, хэмжигдэхүйц зорилго, зорилт дэвшүүлэхийг;

5.2.9.“зорилго, зорилт хэмжигдэхүйц байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилтын гүйцэтгэлийг бодлого, төлөвлөлтийн үйл явцад тодорхой тоон болон чанарын үзүүлэлт бүхий шалгуур үзүүлэлтийг ашиглан үнэлж, хэмжих боломжтой байхыг;

5.2.10.“шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцэж байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн гүйцэтгэлийг тоон болон чанарын үзүүлэлтээр хянах боломжтой байхыг;

5.2.11.“төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг хэрэгжүүлснээр бий болох үр дүнг тодорхойлж, түүнд чиглэсэн зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхой зохион байгуулалт, дэс дарааллын дагуу төлөвлөхийг;

5.2.12.“төлөвлөлтийн дээрээс доош, доороос дээш чиглэх тэнцвэрийг хангах зарчим” гэж “дээрээс доош” төлөвлөх буюу нэгдсэн зорилго, зорилтыг дэвшүүлж салбар болон бүс нутгуудад хэрэгжүүлэх, “доороос дээш” төлөвлөх буюу төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн саналыг нэгтгэн, нэгдмэл зорилго, зорилтыг тодорхойлж төлөвлөхийг;

5.2.13.“бүх талын оролцоог хангасан байх зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэд, сонирхлын бүлгийн оролцоог ханган боловсруулсан байхыг;

5.2.14.“төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохистойгоор хангах зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хуулийн этгээдийг зохистойгоор оролцуулахыг;

5.2.15.“оролцогчдын хариуцлагын зарчим” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчид нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаан дахь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг тус тус ойлгоно.

5.2.16.“нэгтгэн тайлагнах зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахдаа энэ хуулийн 6.7, 6.8-д заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнтэй уялдуулан, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, хөрөнгийн эх үүсвэр, хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлагнахыг;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.17.“төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж энэ хуулийн 6.9-д заасан богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө 6.10.3, 6.10.4-т заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахыг.

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн боловсруулна.

5.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуулийн 5.3-т заасан баримт бичигт нийцсэн эсэхийг төрийн аудитын байгууллага хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлнэ.

5.5.Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

6 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл

6.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахад чиглэгдсэн, харилцан уялдаа бүхий дараах төрөлтэй байна:

6.1.1.урт хугацааны;

6.1.2.дунд хугацааны;

6.1.3.богино хугацааны.

6.2.30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байна.

6.3.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн үндэс байна.

6.4.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэнэ.

6.5.Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх дараах Хөгжлийн зорилтот хөтөлбөр байна:

6.5.1.хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр;

6.5.2.нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;

6.5.3.эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;

6.5.4.байгаль орчны зорилтот хөтөлбөр;

6.5.5.засаглалын зорилтот хөтөлбөр;

6.5.6.бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр;

6.5.7.үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр.

6.6.Энэ хуулийн 6.5.3, 6.5.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төрөлд хамаарах баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас боловсруулах бол үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн боловсруулж, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.7.Дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна.

6.7.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:

6.7.1.а.урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтын тухайн таван жилд хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот түвшинг тодорхойлсон байх;

6.7.1.б.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх;

6.7.1.в.тухайн таван жилд тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хавсаргах.

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.7.2.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь дараах шаардлагыг хангасан байна:

           

6.7.2.а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтээс тухайн аймаг, нийслэл, хотод хамаарахыг өөрийн онцлогт нийцүүлэн тодорхойлсон байх;

           

6.7.2.б.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцсон төсөл, арга хэмжээг тусгасан хөтөлбөрийг хавсаргах;

6.7.2.в.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнд уялдуулан орон нутгийн аливаа онцлогийг харгалзан зорилго, зорилт, хүрэх үр дүн, тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, тухайн шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот түвшинг орон нутгийн түвшинд шинээр тодорхойлж болно.

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.8.Дунд хугацааны буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр байна.

           

6.8.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:

6.8.1.а.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнд хүрэхээр чиглэсэн байх;

6.8.1.б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээтэй уялдсан байх;

6.8.1.в.хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн салбар болон салбар хоорондын уялдааг хангасан байх.

6.8.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:

           

6.8.2.а.зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээг салбар, бүс нутаг, байршил, санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх;

                       

6.8.2.б.үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тооцож боловсруулсан байх.

           

6.8.3.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:

                       

6.8.3.а.Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг сонгон боловсруулсан байх;

                       

6.8.3.б.Хөгжлийн зорилтот хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;

                       

6.8.3.в.тухайн орон нутгийн хүн, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн улсын, бүсийн болон орон нутгийн хөгжлийн зорилтуудтай уялдсан байх;

                       

6.8.3.г.бүс нутгийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлж, харилцан уялдаатай хөгжих боломжийг хангасан байх.

           

6.8.4.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:

6.8.4.а.зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн төсөл, арга хэмжээг санхүүжилтийн эх үүсвэр, жил бүрийн задаргаагаар боловсруулсан байх;

6.8.4.б.үр дүнд чиглэсэн шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тооцож боловсруулсан байх.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.9.Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Орон нутгийн төсөв хамаарна.

6.10.Нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь дараах шаардлагыг хангасан байна:

6.10.1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;

6.10.2.санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан, тухайн жилд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлсэн байх;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.10.3.улсын төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;

6.10.4.орон нутгийн төсөв нь Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх.

6.11.Бусад хууль тогтоомжид заасан “төрөөс баримтлах бодлого” гэснийг энэ хуулийн 6.2, 6.5, 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд, “үндэсний хөтөлбөр” гэснийг энэ хуулийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгоно.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.12.Засгийн газар энэ хуулийн 6.8.2, 16.3-т заасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдэлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болно.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.13.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлогын баримт бичиг, гамшгийн болон онц, дайны байдлын үеийн төлөвлөгөө нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй бөгөөд энэ хуулиар зохицуулахгүй.

/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ТОГТОЛЦОО, ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

7 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо

7.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо нь улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгж, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан ажилтнаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд тухайн салбарын сайд, тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар удирдана.

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэн нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.

/Энэ хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч

8.1.Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд доор дурдсан оролцогч оролцоно:

8.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

8.1.2.Монгол Улсын Их Хурал;

8.1.3.Монгол Улсын Засгийн газар;

8.1.4.үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.1.5.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

8.1.6.төрийн захиргааны төв байгууллагууд;

8.1.7.Үндэсний статистикийн хороо;

8.1.8.төрийн аудитын байгууллага;

8.1.9.төв банк;

8.1.10.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга;

8.1.11.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

8.1.12.Үндэсний хөгжлийн хүрээлэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага;

8.1.13.улс төрийн нам;

8.1.14.хувийн хэвшил.

8.2.Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад төрийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны төв байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, сан, Хөгжлийн банк, төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцоно.

9 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчийн эрх, үүрэг

9.1.Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар оролцоно.

9.2.Улсын Их Хурлын бүрэн эрх:

9.2.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг уялдуулан батлах;

9.2.2.энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-д заасан баримт бичгийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасныг тус тус баримтлан батлах;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон энэ хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6-д заасан баримт бичигт нийцүүлэн батлах;

9.2.4.энэ хуулийн 6.6-д заасны дагуу хүргүүлсэн Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг хэлэлцэн б

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР