ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хувь хүний нууцын тухай ойлголт
"Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
3 дугаар зүйл.Хувь хүний нууцын тухай хууль тогтоомж
Хувь хүний нууцын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТӨРӨЛ, ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ХАМГААЛАХ
4 дүгээр зүйл.Хувь хүний нууцын төрөл
1.Хувь хүний нууц нь дараахь төрөлтэй байна:
1/захидал харилцааны нууц;
2/эрүүл мэндийн нууц;
3/хөрөнгийн нууц;
4/гэр бүлийн нууц;
5/хуулиар тогтоосон бусад нууц.
2.Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно:
1/захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг;
2/эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;
3/хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг;
4/гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг.
3.Хувь хүний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
5 дугаар зүйл.Хувь хүний нууцыг хамгаалах
1.Хувь хүн нууцаа өөрөө хамгаална.
2.Шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцыг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болно.
3.Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана.
4.Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
6 дугаар зүйл.Хувь хүний нууцыг ил болгох
Монгол Улсын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгүйн үүднээс зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ -ын шийдвэрээр хувь хүний эрүүл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан хүрээнд ил болгож болно.
7 дугаар зүйл.Шүүхэд гомдол гаргах
Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан этгээд өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж үзвэл хувь хүн энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
8 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
8.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ