МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

2022-04-05

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 сарын 24 өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах, иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хуулийн зохицуулах харилцаа

2.1.Энэ хуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна.

2.2.Монгол Улсын нийслэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохтой холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

2.3.Хот, тосгоны өөрийн удирдлагад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомж

3.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын чиг үүрэг, бүрэн эрхийг бусад хуулиар тодорхойлохдоо энэ хуульд заасан зарчим, нийтлэг зохицуулалтыг баримтална.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."нэгж" гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог;

4.1.2."нэгжийн удирдлага" гэж нэгж дэх нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тогтолцоо,үйл ажиллагааг;

4.1.3."нутгийн өөрийн удирдлага" гэж иргэд шууд, эсхүл нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуульд заасан орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

4.1.4."нэгж дэх төрийн удирдлага" гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

4.1.5."нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг;

4.1.6."орон нутгийн чиг үүрэг" гэж хуульд заасны дагуу нутгийн өөрийн удирдлагад тусгайлан олгосон, нутгийн өөрөө удирдах байгууллага хариуцан шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн шинжтэй асуудлыг;

4.1.7."орон нутгийн эрх хэмжээ" гэж нэгжийн удирдлагад хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, нутгийн өөрийн удирдлага болон нэгжийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг;

4.1.8."төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэг" гэж нэгжийн удирдлагад төрөөс шилжүүлсний дагуу түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн шинжтэй асуудлыг;

4.1.9."орон нутгийн өмч" гэж орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах хөрөнгийг.

5 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж эрх зүйн харилцаанд оролцох

5.1.Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна.

5.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан аймаг, сум, нийслэл, дүүрэг эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.

5.3.Эрх зүйн харилцаанд аймаг, сум, нийслэл, дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор Засаг дарга төлөөлнө.

6 дугаар зүйл.Аймаг

6.1.Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн.

7 дугаар зүйл.Сум

7.1.Сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах үндсэн нэгж мөн.

8 дугаар зүйл.Баг

8.1.Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн.

8.2.Багийн оноосон нэрийг орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

9 дүгээр зүйл.Нийслэл

9.1.Нийслэл нь төрийн дээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн.

9.2.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

10 дугаар зүйл.Дүүрэг

10.1.Дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, иргэдэд хуульд заасан үйлчилгээг үзүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хороодын нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх нэгж мөн.

11 дүгээр зүйл.Хороо

11.1.Хороо нь иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх, нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах чиг үүрэг бүхий анхан шатны нэгж мөн.

11.2.Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна. Хэсгийн хуваарийг хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

12 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим

12.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална:

12.1.1.төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах;

12.1.2.улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулах;

12.1.3.нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн болон орон нутгийн чиг үүргийг зааглах;

12.1.4.нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх;

12.1.5.нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх;

12.1.6.нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх;

12.1.7.ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах;

12.1.8.асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах.

13 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх

13.1.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршил, тэдгээртэй холбогдох бусад нөхцөлийг харгалзан тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

13.2.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг Засгийн газар санаачилна.

13.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авсан байна. Санал авах ажлыг харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцан зохион байгуулах бөгөөд санал авах журмыг Улсын Их Хурал тогтооно. Санал хураалтад сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол уг санал авах ажлын дүнг хүчинтэйд тооцно.

13.4.Багийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын байршил, өрхийн тоо, уламжлал, эрхлэх аж ахуй, зам харилцааны онцлогийг харгалзан аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

13.5.Хороог өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, иргэдэд хуульд заасан үйлчилгээг хүргэх боломжийг харгалзан нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

13.6.Баг, хороог өөрчлөхдөө тухайн баг, хорооны иргэдийн саналыг авах болон санал авах ажлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.

13.7.Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг санаачлахдаа иргэдэд өмнө нь үзүүлж байсан үйлчилгээг дордуулахгүй байх зарчмыг баримтална.

13.8.Ээлжит сонгууль явуулахаас өмнөх нэг жилийн дотор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхгүй.

14 дүгээр зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэс, баг, хорооны нутаг дэвсгэрийн зааг

14.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

14.2.Баг, хорооны нутаг дэвсгэрийн заагийг аймаг, нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

14.3.Монгол Улсын засаг захиргааны нэгжийн оноосон болон нэгж дэх газар зүйн нэр, гудамж, зам, талбайг төрийн албан ёсны хэлээр нэрлэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ

15 дугаар зүйл.Нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх төр, орон нутгийн үүрэг

15.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх нь төрийн үүрэг мөн. Төр энэ үүргээ хэрэгжүүлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дараах эрхийн баталгааг хангана:

15.1.1.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх;

15.1.2.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох;

15.1.3.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг улсын төсвөөс хуваарилуулах;

15.1.4.байгалийн баялгийн үр өгөөж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад боломжид түшиглэн хөгжих;

15.1.5.орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхыг харгалзан хөрөнгө хуваарилах;

15.1.6 хуульд заасан үндэслэл, журмын дагуу концесс болон үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан төрийн үүргийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, санхүүгийн эх үүсвэрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсөвт тусгана.

15.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэхэд тухайн нэгж өөрийн нөөц бололцоог дайчлан ажиллах үүрэгтэй.

16 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсөв

16.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь бие даасан төсөвтэй байна.

16.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн эх үүсвэр нь татварын болон татварын бус орлого, улсын төсвийн санхүүжилт, хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

16.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгийг энэ хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

16.4.Сум, дүүргийн төсвийг боловсруулж, батлахдаа харьяалах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг авч тусгана.Баг, хорооны үйл ажиллагааны зардлыг харьяалах сум, дүүргийн төсөвт тусгайлан батална.

16.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

17 дугаар зүйл.Орон нутгийн сан

17.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий Төсвийн тухай хуульд зааснаас өөр бусад сантай байж болно. Уг санг бүрдүүлэх эх үүсвэр нь төсвийн бус хөрөнгө байна.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тухайн шатны Хурал тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасны дагуу тогтоосон журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.

18 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн өмч

18.1.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь өмчтэй байна.

18.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ.

18.3.Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулж болно.

18.4.Орон нутгийн өмчийн харилцааг хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГА

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ

ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРЭГ

19 дүгээр зүйл.Орон нутгийн чиг үүргийг тогтоох зарчим

19.1.Орон нутгийн чиг үүргийг тогтооход дараах зарчмыг баримтална:

19.1.1.чиг үүргийг иргэдэд хамгийн ойр нэгжид болон зохих түвшинд оновчтой хуваарилах;

19.1.2.чиг үүрэг хэрэгжүүлэх санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байх;

19.1.3.чиг үүргийг давхардуулахгүй байх;

19.1.4.нэгжийн удирдлагад бүрэн эрх олгохдоо энэ хуулиар тогтоосон нэгж тус бүрийн чиг үүрэгт нийцүүлэн ялгаатай хуваарилах;

19.1.5.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэх.

20 дугаар зүйл.Орон нутгийн чиг үүрэг

20.1.Орон нутгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

20.1.1.орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

20.1.2.орон нутгийн өмчийн удирдлага;

20.1.3.орон нутгийн төсөв, албан татвар, төлбөр, хураамж;

20.1.4.орон нутгийн сан;

20.1.5.орон нутгийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт, хөтөлбөр;

20.1.6.орон нутгийн үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй;

20.1.7.хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамж;

20.1.8.худалдаа, үйлчилгээний зохицуулалт;

20.1.9.орон сууц, нийтийн аж ахуй;

20.1.10.орон нутаг дахь нийтийн тээвэр;

20.1.11.суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоол;

20.1.12.гудамж, талбайн нэр, хаягжуулалт;

20.1.13.хөшөө дурсгалын зохицуулалт;

20.1.14.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж;

20.1.15.орон нутгийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

20.1.16.хог хаягдлын менежмент;

20.1.17.оршуулгын газрын зохицуулалт;

20.1.18.төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

20.1.19.гал түймэр, үерийн хамгаалалтын байгууламж, суваг шуудуу;

20.1.20.орон нутгийн цэвэрлэх байгууламж;

20.1.21.орон нутгийн зам, гүүр;

20.1.22.суурин газрын гэрэлтүүлэг;

20.1.23.бэлчээрийн ашиглалт, хамгаалалт.

20.2.Энэ зүйлд хуулиар зохих нэмэлт оруулсны үндсэн дээр орон нутгийн чиг үүргийг нэмэгдүүлж болно.

20.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 20.1-д заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно.

21 дүгээр зүйл.Аймгийн чиг үүрэг

21.1.Аймгийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

21.1.1.аймгийн дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт;

21.1.2.аймгийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

21.1.3.аймгийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

21.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

21.1.5.аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

21.1.6.аймгийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт, хөтөлбөр;

21.1.7.аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, хэрэгжилтэд тавих хяналт;

21.1.8.аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

21.1.9.худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;

21.1.10.сум хоорондын нийтийн тээврийн зохицуулалт;

21.1.11.гудамж, талбайн нэр, хаягжилтын нийтлэг зохицуулалт;

21.1.12.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;

21.1.13.аймгийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

21.1.14.аюултай болон үйлдвэрлэлийн хог хаягдлын менежмент;

21.1.15.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;

21.1.16.мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, нэгдсэн эмнэлэг, аймгийн музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ.

22 дугаар зүйл.Сумын чиг үүрэг

22.1.Сумын чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

22.1.1.сумын хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт;

22.1.2.сумын өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

22.1.3.сумын төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

22.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

22.1.5.сумын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

22.1.6.аймгийн хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажиллах нөхцөл;

22.1.7.аймгийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт;

22.1.8.сумын хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалт;

22.1.9.худалдаа, үйлчилгээний зохион байгуулалт, хяналт;

22.1.10.орон сууц, нийтийн аж ахуйн удирдлага;

22.1.11.суурин газрын замын хөдөлгөөн, авто зогсоолын зохицуулалт;

22.1.12.хөшөө дурсгалын байршил, хамгаалалт;

22.1.13.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

22.1.14.аялал жуулчлалын үйл ажиллагааны зохицуулалт;

22.1.15.хог хаягдлын цэгийн байршил, энгийн хог хаягдлын менежмент;

22.1.16.оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;

22.1.17.сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

22.1.18.гал түймэр, үерийн хамгаалалтын байгууламж, суваг шуудуу, арчлалт;

22.1.19.орон нутгийн цэвэрлэх байгууламжийн арчлалт;

22.1.20.орон нутгийн зам, гүүр, тэмдэг, тэмдэглэгээ, арчлалт, хамгаалалт;

22.1.21.суурин газрын гэрэлтүүлэг, арчлалт.

23 дугаар зүйл.Багийн чиг үүрэг

23.1.Багийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

23.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;

23.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлын зохион байгуулалт;

23.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд багийн бие даан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;

23.1.4.улс, аймаг, сумын чанартай асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд багийн иргэдийг зохион байгуулж оролцуулах ажил;

23.1.5.бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, тариалан, бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалт, зохицуулалт;

23.1.6.тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил.

24 дүгээр зүйл.Нийслэлийн чиг үүрэг

24.1.Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

24.1.1.нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

24.1.2.нийслэлийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

24.1.3.нийслэлийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

24.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

24.1.5.нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

24.1.6.нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

24.1.7.нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, хяналт;

24.1.8.нийслэлийн музей, театр, номын сан, соёлын ордон, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

24.1.9.худалдаа, үйлчилгээний нийтлэг зохицуулалт, хяналт;

24.1.10.орон сууц, нийтийн аж ахуйн удирдлага, үйлчилгээ;

24.1.11.нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалт;

24.1.12.нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт;

24.1.13.нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил;

24.1.14.харилцаа холбоо, цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр ус, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах байгууламж, үерийн далан, суваг тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хяналт;

24.1.15.хот байгуулалт, барилга, стандарт, хяналт, зохицуулалт;

24.1.16.цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу;

24.1.17.гудамж, зам, талбай, барилга байгууламжийн нэр, хаягжуулалтын зохицуулалт;

24.1.18.хөшөө дурсгалын нийтлэг зохицуулалт;

24.1.19.нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт;

24.1.20.нийслэлийн аялал жуулчлалын бодлого, менежмент;

24.1.21.хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт;

24.1.22.оршуулгын газрын нийтлэг зохицуулалт, менежмент.

24.2.Энэ хуулийн 24.1-д зааснаас бусад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүргийг хуулиар тогтооно.

25 дугаар зүйл.Дүүргийн чиг үүрэг

25.1.Дүүргийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

25.1.1.дүүргийн хөгжлийн үндсэн чиглэл, бодлого, төлөвлөлт, ерөнхий ба хэсэгчилсэн төлөвлөгөө;

25.1.2.дүүргийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт;

25.1.3.дүүргийн төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

25.1.4.хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох асуудал;

25.1.5.дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт болон бусад сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, тайлан, хяналт;

25.1.6.худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл, хяналт;

25.1.7.нийслэлийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт;

25.1.8.дүүргийн сургууль, цэцэрлэг,эмнэлэг, соёлын төв, номын сан, биеийн тамир, спортын цогцолборын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

25.1.9.дүүрэг дэх авто зогсоолын арчилгаа;

25.1.10.нийтийн эзэмшлийн зам, талбай,олон нийтийн соёл амралтын хүрээлэн,ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт;

25.1.11.оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;

25.1.12.дүүргийн гэрэлтүүлэг, арчлалт;

25.1.13.дүүргийн төвлөрсөн бус хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний уст цэгийн төлөвлөлт, байршил, ашиглалт, хамгаалалт;

25.1.14.хог хаягдлын менежмент.

26 дугаар зүйл.Хорооны чиг үүрэг

26.1.Хорооны чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

26.1.1.нутаг дэвсгэрийнхээ иргэдэд хуульд заасны дагуу хүргэх үйлчилгээ;

26.1.2.хууль тогтоомжид заасан болон өөрийн санаачилсан асуудлаар нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг санал, хүсэлтийг зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах ажлын зохион байгуулалт;

26.1.3.хууль, зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд хорооны бие даан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудал;

26.1.4.улс, нийслэл, дүүргийн чанартай асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хорооны иргэдийг зохион байгуулж оролцуулах ажил;

26.1.5.хуульд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн газар зохион байгуулалт, орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах ажил.

27 дугаар зүйл.Нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүрэг

27.1.Энэ хуулийн 27.5-д заасан төрийн зарим чиг үүргийг хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлж болно.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан нэгжийн удирдлагад төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлэхдээ тухайн чиг үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэнэ.

27.3.Өөр өөр шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлэхдээ түүний хүрээ, хязгаарлалтыг нэгж тус бүрээр тодорхойлж, тайлагнах, хяналт тавих журмыг хууль, гэрээнд тодорхой заана.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасны дагуу төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэхээр шилжүүлэхдээ нэгж тус бүрийн чиг үүрэг, онцлогийг харгалзана.

27.5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар дараах төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлнэ:

27.5.1.улсын бүртгэл;

27.5.2.сургуулийн өмнөх боловсрол;

27.5.3.ерөнхий боловсрол;

27.5.4.эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ;

27.5.5.хүн амын хөгжил, хамгааллын үйлчилгээ;

27.5.6.нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах;

27.5.7.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, түүний хэрэгжилт;

27.5.8.соёлын үйлчилгээ;

27.5.9.нийтийн биеийн тамир;

27.5.10.байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, нөхөн сэргээлт;

27.5.11.бэлчээрийн менежмент;

27.5.12.малын тэжээлийн нөөц бүрдүүлэлт;

27.5.13.үйлдвэрлэлийн зориулалттай усан хангамж;

27.5.14.мал, амьтны халдварт, шимэгчлэх өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, хяналт, түүний гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хохирлыг арилгах, мал эмнэлгийн үйлчилгээ;

27.5.15.шинээр байгуулах дэд бүтэц;

27.5.16.эрчим хүч, өндөр хүчдэлийн болон цахилгаан, дулааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах бусад үйл ажиллагаа;

27.5.17.газрын харилцаа, газар зохион байгуулалт, төлөвлөлт, хяналт;

27.5.18.мэргэжлийн хяналт;

27.5.19.түүхэн дурсгалт зүйлийн хамгаалалт;

27.5.20.онцгой байдлын болон гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа;

27.5.21.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаа;

27.5.22.хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа;

27.5.23.нийслэлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт;

27.5.24.орон нутгийн хамгаалалт;

27.5.25.архивын ажил үйлчилгээ, төрийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, бүрдүүлэлт, ашиглалт;

27.5.26.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ

НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГА

28 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах ёс

28.1.Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно.

29 дүгээр зүйл.Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх иргэний эрх

29.1.Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйл, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.

29.2.Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй.

30 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх хэлбэр

30.1.Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ.

30.2.Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно:

30.2.1.баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох;

30.2.2.тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргах;

30.2.3.энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу иргэд сайн дураараа үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх, нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах.

31 дүгээр зүйл.Нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоо

31.1.Сум, баг, дүүрэг, хорооны тулгамдсан асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах зорилгоор сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасны дагуу гаргасан санал, зөвлөмжийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэх үүрэгтэй.

31.3.Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй.

31.4.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэрийн талаар хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно.

32 дугаар зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал

32.1.Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.

32.2.Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

32.3.Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.

32.4.Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.

32.5.Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:

32.5.1.хэлэлцэх асуудал санаачлах;

32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

32.5.3.Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;

32.5.4.Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох;

32.5.5.хуралдааны дэгийг сахих.

32.6.Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна.

32.7.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна.

32.8.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:

32.8.1.баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

32.8.2.Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

32.8.3.Хурлын хуралдааны даргыг сонгох;

32.8.4.баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;

32.8.5.тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

32.8.6.Засаг даргыг хууль тогтоомжид заасан үндэслэлээр огцруулах санал гаргах;

32.8.7.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;

32.8.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

32.9.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ.

32.10.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тухайн хуралдаанаас сонгосон дарга удирдаж явуулна.

32.11.Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад ажилласан хугацааны урамшууллыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгож болно.

32.12.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг улируулан сонгож болно.

33 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

33.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.

33.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

33.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд уг бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно.

33.4.Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

34 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

34.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.

34.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

35 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

35.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

35.1.1.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;

35.1.2.Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;

35.1.3.тухайн Хурлын хороог байгуулах, хорооны бүрэлдэхүүн, даргыг сонгох, өөрчлөх;

35.1.4.тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх;

35.1.5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

35.1.6.тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

35.1.7.хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих;

35.1.8.нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

35.1.9.Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах;

35.1.10.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

35.1.11.орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;

35.1.12.орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;

35.1.13.энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах;

35.1.14.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;

35.1.15.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих;

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР