ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.





Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд, мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны удирдах ажилтнууд оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнөөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарт 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын зорилтоо тодорхойлж, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдлагуудтай 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Салбарын хэмжээнд 2024 онд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
2024.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх газрын харилцаатай холбоотой хуулиудын хэрэгжүүлэх үүднээс 7 журмын төслийг Засгийн газраар батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулах;
Газрын багц хуулийн төслийг боловсруулан ЗГ-аар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх;
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх;
Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулах;
Улсын хэмжээнд 2 аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр, 4 аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн, 70 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, батлуулах;
Газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авах ажлыг зохион байгуулж, ЗГ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжилтийг хангах;
Улсын хэмжээнд 2024 онд шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын жагсаалтыг нэгтгэн ЗГ-т танилцуулан, шийдвэрлүүлэх;
Салбарын төрийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;
Цахим үйл ажиллагаатай газрын биржийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж, газрын сан бүрдүүлэх, газар хөгжүүлэлт хийх;
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах ажлын
хүрээнд системийн иж бүрэн шинэчлэлтийг хийж гүйцэтгэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системтэй бусад салбарын цахим систем, мэдээллийн санг холбох, мэдээлэл солилцож хамтран ажиллах;
Газрын мониторингийн үйл ажиллагаанд зайнаас тандан судлалын арга, технологийг ашиглан, газрын бүрхэвчийн өөрчлөлт, доройтол, элэгдэл, эвдрэл, бэлчээрийн газрын даац, чадавхийг тодорхойлох, салбаруудын системийг хооронд нь холбох ажлыг зохион байгуулах;
2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих-Хариуцлагатай газрын харилцааны жил" болгон зарласантай холбогдуулан энэхүү ажлын хүрээнд газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, газар авч байгаагүй иргэдэд төлөвлөлтийн дагуу шинээр газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, төлөвлөлттэй хяналттай газар ашиглалтыг төлөвшүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүнд сурталыг бууруулах, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэн ажиллах юм.